Яагаад иог хийх хэрэгтэй гэж?
Хүн ер нь юуны төлөө амьдардаг юм бол гэж та магадгүй нэг биш удаа бодож байсан байх... Би маш олон хүнээс асууж үзэл бодлыг нь сонсож байсан. Жишээлбэл гэр бүлтэй болж аав ээжийнхээ ач тусыг бага ч гэсэн хариулаад үр удмаа сайн сайхан хүн болгож өсгөх гэж байхад, ганц амьдарч байгаа болохоор хүссэн болгоноо хийгээд үхнэ гэсэн хэсэг байна. Гэгээрэлд хүрэхийн тулд өөрийнхөө энэ амьдралаа зориулнаа гэсэн хүмүүс ч цөөнгүй байна. Хүн бүрээс өөр өөр амьдралын утга учир болон амьдрах хүсэл зорилгыг олж харж болно.
Энэ бүх оршил иогтой ямар холбогдолтой юм бэ гэж та бодож магадгүй гэхдээ иог бол яг үнэндээ өөрийнхөө амьдралын утга учрыг мэдрэх, түүнийгээ олоход туслах, чиглүүлэх ухаан билээ. Иог гэдэг нэгдэл гэсэн утгатай тэр дундаа бие, сэтгэл, амьсгалын нэгдэл гэдэг тодорхойлолтыг та иогийн багш болгоны амнаас олонтоо сонссон байх өө бас гадаад болон дотоод биеийн гоо сайхны нэгдэл ч гэж болно. Дэлгэрэнгүй авч үзвэл БИЕ гэдэг нь бидний гаднаас харагдаж гарт баригдах хэсэг иогийн хамгийн эхний шат нь биетэй ажиллах буюу асана /иогийн дасгал буюу байрлал/ хийх юм. Асанаг дотор нь холбогч эдүүд болон булчин, шөрмөсний сунгалтын, оюун ухаан төвлөрүүлэх сэтгэлийн хөдөлгөөнийг тогтворжуулж тархины үйл ажиллагааг дэмжих тэнцвэрийн, эрхтэн тогтолцоо тэр дундаа дотор эрхтэн, дотоод шүүрлийн булчирхайн хорыг гадагшлуулж биед үүссэн түгжээсийг гаргах мушгих, эрч хүч өгч, дархлаа сайжруулахад дэмжлэг болох булчин чангалах болон цусны эргэлтийг дэмжиж сахарын хэмжээг хэвийн байлгах, эд эсүүдийг сэргээж, шинээр үйлдвэрлэх сунгалтын байрлалуудаас бүрддэг. Эдгээрээс зөв арга барилаар өөрт тохирсон цуглуулгыг тодорхой хугацаанд тууштайгаар хийснээр эрүүл мэндийн байдал сайжирах боломж өндөр. Яагаад бүрэн боломжтой гэж хэлэхгүй байна вэ гэж та бодож байна уу? Иог хийж болохгүй, бас тусгай хичээлэлт шаардлагатай онцгой тохиолдол байдгийг дараагийн мэдээлэлдээ дэлгэрэнгүй оруулна. Харин хийж болох, бүр хийх ёстой хэсэг хүмүүст бол дараах байрлалуудыг маш зөв дараалалтайгаар хийснээр та эхлэлээ тавьж байна гэсэн үг. Одоо дасгалаа АМЬСГАЛ-тай хослуулах хэрэгтэй. Энэ хамгийн чухал хэсэг юм шүү. Яагаад гэж үү? Хоолгүйгээр хүн 30 хоног байж чаддаг /хүн болгоны хувьд харьцангуй ойлголт болно/, нойргүй 48 цаг байж чадна, ус уухгүйгээр 72 цаг буюу түүнээс дээш байх тохиолдол ч байна. Харин амьсгалахгүйгээр та 3 минут ч тэсэхгүй болов уу? Тэгэхээр бид нарт идэхээс, унтахаас илүү чухал зүйл бол амьсгал байх нь. Дасгалыг амьсгалтай хослуулна гэдэг бол үгэнд ая оруулж дуу бүтэж байгаатай яг адилхан зүйл. Булчин чангалах дасгал хийхэд цээжний хөндийгөөр хурдан хэмнэлтэй амьсгалах бол сунгалтын байрлалуудыг хийхэд булчинг амрааж, сэтгэл санааг тайвшруулахаар хэвлий хүртэл гүнзгий амьсгалж өгнө гэх мэт дасгал болгон дээр өөр амьсгал хийж байж тухайн байрлал амь орж таны зөвхөн өнгөц булчинд биш эд эсэнд хүртэл өөрчлөлт өгдөг. Мөн хий давамгай буюу яаруу сандруу, юу ч идсэн таргалдаггүй шинжтэй хүний амьсгал бадгана давамгай ус уугаад агаар идээд ч таргалаад байдаг, дэндүү уужуу тайван байдаг хүмүүсийн хийх дасгал амьсгалах хэмжээ техник ч өөр байна. Та дахин давтагдашгүй цорийн ганц учраас хэн нэгний хоолны дэглэм, гоо сайхны бүтээгдэхүүн, амьдралын хэв маяг тэр болгон таарахгүй зөвхөн өөрийн хэв шинжид тохирсон зүйлсийг хийж хэрэглэж идэж ууж байж эрүүл, сайхан, эрч хүчтэй, өөдрөг байна. Өөртөө тохирсон энэ бүх зүйлийг яаж мэдэх вэ? Энэ бол сүүлийн хүчин зүйл болох СЭТГЭЛ буюу мэдрэмж юм. Минийхээр иогийн хамгийн чухал зүйл бол сэтгэл. Таньтай байнга хамт байж, хэний ч мэдэхгүй бүх нууцыг чинь мэддэг цорын ганц хүн байдаг. Тэр бол та өөрөө юм шүү дээ. Дасгал хийгээд та өөрийнхөө юунд сайн, юу хийж чаддаг, бас сайн биш гэдэг өөрийгөө мэдэж авсан бас өөрчлөгдсөн байх, харин амьсгалаад илүү чөлөөтэй болж, амарч, эрч хүч авсан бол та одоо өөртэйгөө нүүр тулах хэрэгтэй. Одоо таны аялал эхэлж байна. Хүмүүс иогийн хичээлд ирээд юу идэх вэ, фитнесс шиг хоолны дэглэм өгөх үү гэж асуудаг. Би тэр болгонд та иог дуусаад юу идмээр байгаа бас идмээргүй байгаагаа ажиглаарай гэж хариулдаг. Энэ нь бүгдийг хүссэнээрээ ид тэгээд ч иог хийж байгаа хүн таргалдаггүй гэдэг хариултаас өөр шүү. Иогийн бүтэн хичээлэлт дуусахад жингийн илүүдэлтэй хүмүүс юм идмээргүй санагдаж, төмрийн дутагдал болон цус багатай хүмүүс загас, алим, броккли, улаан лооль идмээр санагдах шинжүүд илэрнэ. Энэ бол хүн болгонд өөр. Харин та биеэс ирсэн дохиог зөв ажиглах нь л чухал. Ногоон ногоог түүхийгээр нь идвэл эм болж биед нь шингэх хүн байхад ногоог түүхийгээр нь хэрэглэвэл огт зохихгүй эмгэг болох хүмүүс ч бий учраас таны хамгийн эхний хичээл бол өөртөө тохирсон хооллолтыг бий болгох юм. Мэдээж ганцаараа хийхэд хэцүү байвал та иогийн багштайгаа зөвлөлдөх хэрэгтэй. Сэтгэл мэдрэмжээ ажиглаж, өөрийгөө таньж мэдэх дараагийн хичээл бол үнэнтэй нүүр тулах санаанд чинь шууд л тод бууж ирэхгүй байвал та бодоод бичиж болно. Ганцхан та уншиж, өөр дээрээ ажиллах тул та өөрийгөө аргацааж өршөөх хэрэггүй. Хүн болгонд л сайн муу чанар гэж бий. Хамгийн гол нь түүнийгээ мэддэг байх нь чухал. Худал дүр эсгэх, мэддэггүй зүйлсээ мэддэг болгох, өөртөө огт байдаггүй зан чанарыг хиймлээр бий болгох зэрэг нь тархинд бүр илүү ачаалал өгч түүндээ санаа зовох нь таныг зүрх болон ходоодны өвчин рүү хөтөлдөг муу талтай. Өөрийнхөө идэх хоол, унтах цаг зэрэг амьдралын хэв маягаа зөв тодорхойлоод, өөрийнхөө зан ааш, давуу болон сул талаа сайн мэдсэн бол та одоо жинхэнээсээ юу хүсэж, юу хиймээр байгаагаа ойлгож сэтгэлгээний эрх чөлөөнд хүрэх болноо гэсэн үг. Эхэндээ хэцүү байх гэхдээ та тууштай байснаар амьдралын хэв маяг бүхэлдээ аз жаргалтай хийгээд эрүүл идэвхитэй болон өөрчлөгдөх болно. Харин та энэ бүгдийг мэдрээрэй.
Эцэст нь гэж хэлэхэд иог гайхамшигтай гэж олон удаа сонссон байх. Жинхэнэ гайхамшиг нь юу вэ гэвэл огт хөдөлдөггүй, хөдөлгөөний дутагдалтай хүн хэсэг хугацааны дараа толгой дээрээ эсвэл гар дээрээ явж сурах гэж үү? Тэгвэл энэ том эндүүрэл. Ямар нэг дасгалыг байнга давтаж түүнийг хийж сурснаасаа баяр бахдал төрөөд түүнийг иогийн гайхамшиг гэж бодож байвал та зөвхөн уран гимнастик эсвэл нугаралтаар хичээллэж байгаа юм шүү гэж би ам бардам хэлж чадна. Иог гэдэг хөлс гаргаж биеэ, тамлан зовоож тарчлаах биш тааваараа байх урлаг. Таны бие өвчингүй байхын сайхныг мэдэрч, таны бодол зөв зүйл рүү тэмүүлж, сэтгэл чинь эрх чөлөөг мэдэрч өөрөө амьдралын утга учрыг мэдэрч зөвхөн таны гэх мөрийг энэ хорвоод үлдээгээд зогсохгүйь таны зүрхнээс хайр л гарч тэр нь эргэн тойрны хүмүүсдээ, эгэлгүй бүтээл болох байгаль дэлхийгээ, ан амьтан бүрийг харж мэдрэх юм шүү. Та өөрийгөө гаднаас хайгаад, шинээр бүтээдэг юм биш, энэ бүх эм тан, эдэлж зүүдэг хэрэгсэл ч таныг бий болгохгүй. Би, та, бид өөрсдөө шавхагдашгүй нөөц бололцоо, хязгааргүй чадвар гайхамшиг юм шүү дээ. Тэр яриад байгаа иогийн гайхамшиг гэдэг ч та өөрөө. Ийм болохоор би иог хийдэг, өнгөрсөндөө харамсал тээж, ирээдүйдээ сэтгэл зовниж суулгүй ЯГ ОДОО, ӨӨРИЙНХӨӨРӨӨ ЖИНХЭНЭ байдаг учраас.
Иог надад бүгдийг өгсөн...
